Засгийн газар орон нутаг дахь дөрвөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг нь сайжруулахаар шийдвэрлэсний нэг нь Өмнөговийн “Гурвансайхан” юм. Үүнийг 4D ангилал бүхий, олон улсын нисэх буудал болгож хөгжүүлэхтэй холбоотойгоор засвар шинэчлэлийн ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж буй. Тэгвэл Өмнөговь аймагт аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тур операторууд “Гурвансайхан”-ы нислэгийн зурваст хийх засварын ажлыг ирэх оны аялал жуулчлалын идэвхтэй үеэс өмнө буюу тавдугаар сараас урьтаж эхлүүлэх саналыг Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлжээ. Түүнчлэн богино зайд зорчигч тээвэрлэх зориулалттай, бага оврын “CRJ-200” онгоцоор тус чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх саналыг дээрх байгууллагуудад тавьсан байна. 2025 оны зун Улаанбаатар-Даланзадгад чиглэлд 12 000 жуулчин нисэх урьдчилсан захиалга өгөөд буй гэнэ.
Н.МИШЭЭЛ