Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гавьяат цол горилогчдын өргөдөлд “дарагдаад” буйг нэгэн судлаач хэлэв. 60 мянган хүн ийм цол авахаар тус газарт өргөдөл, тодорхойлолтоо хүргүүлсэн гэх. Манай улсын нийт хүн амын хоёр орчим хувь нь гавьяат цолд “дугаарлаж” буй гэсэн үг. Зарим нь үүнийг дэгсдүүлсэн, баримжаагүй тоо хэмээн үгүйсгэх. Гэвч шагнал, одон, медалийг хавтгайруулан олгож ирсэн өнөөгийн нөхцөл байдал, гавьяат цолны төрөл, ангилал (32 төрөлтэй)-ыг нь харвал энэ тоо бодитой байх магадлал тун өндөр.
1840 хүнтэй сум 100 жилийн ойдоо зориулан 1000 гаруй одон, медаль захиалсан, өөр нэгэн сумын ЗДТГ, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид түүхэн ой тэмдэглэх нэрийдлээр төрөл садны бүх хүнээ “Алтан гадас” одонгоор шагнасан тухай хөгтэй яриа ч бий.
“Монголд годон гутал, “Приус” машин, Соёлын тэргүүний ажилтны цол, тэмдэггүй хүн үгүй” гэдэг нь оргүй зүйл биш. Ерөөс манай улс шагналын, одон, медалийн орон болчихлоо. Цол, шагнал хүртсэн хүмүүсээ бус, аваагүйг нь тоолбол илүү хялбар мэт. Үүнийг дагаад төрөөс олгож буй аливаа цол, одон, медалийн үнэ цэн уначихлаа, нийгмийн итгэлцэл ч буурлаа. Гавьяа шагнал олгосны, олгож буйн хэрэг ч гарахгүй байна. Тиймээс одон, медаль олгож илүү ажил удахаа больё, төсөвт дарамт учруулахаа зогсооё.
Шинжлэх ухааны академийн нэгэн эрдэмтэн “Одон, медалийн эргүүлгээс гарахгүй бол горьгүй нь. Аварга, баатраар дүүрэн улс минь утаатай, түгжрэлтэй, өр зээлтэй, өнгө муутай болохоор дотор муухайраад бачимдаад байна. Өөрсдийгөө л хуурсан ажил хийх юм. Ухаармаар, сэхээрмээр...” хэмээн саяхан халагласан байна билээ. Өөр нэгэн судлаач “Социализмын үеийн хуучин сүлдтэй “Алтангадас”-ыг шуудай шуудайгаар нь тараагаад ч нөөц нь дуусдаггүй бололтой. Арван хэдтэй хүүхэд “Алтангадас” зүүж, 20 гаруйхан настай залуу Хөдөлмөрийн баатар болохыг үзлээ. Энд хүрээд зогсохгүй бол хэцүүдэх нь. Төрийн тэргүүнээ төмөр тараасан гэдэг шүүмжлэл, хэл амнаас гарахад нь тусалж, шагнал олгохыг зогсоовол ямар вэ” гэж санал гаргасан байх юм. Хийж бүтээснээр нь үнэн шударга дүгнэж чаддаг бол, одоогийн тогтолцооны “хуулиар” явбал нэг байтугай нэжгээд одон, медаль хүртчихээр, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид нь хүртэл төрийн цол, шагналд ийнхүү итгэл алдарчээ. Тэдний аль аль нь төрийн “хишиг”-ээс татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлж, шинэ үеийн залуусыг одон, медалиас зоригтойгоор татгалзахыг уриалсан юм.
Одон, медаль хавтгайруулан олгодог ужиг тогтолцоог иргэд, олон нийт хүчтэй шүүмжилж ирсэн. Гэхдээ үүний эсрэг бодитой алхам хийдэггүй. “Төмөр тараадаг явдал утгаа алдаж, зах замбараагүй боллоо” гэж шүүмжилдэг ч өөрийнх нь ээлж ирэхэд, эсвэл гэр бүл, хамаатан садан, ойр тойрных нь хүмүүс шагнал авах болоход өнөөх үнэ хүндгүй цол, тэмдгийг нь баяртайгаар хүлээн авдаг. Хэн нэгнийг гавьяа, шагналд сайн дураар тодорхойлж, “Авах цаг нь болсон” гэж төрөөс “төмөр” нэхдэг. Цол, тэмдгийг дагалдуулж дорвитойхон урамшуулал өгөхийг шаарддаг хүмүүс ч бий. Иймдээ л Монголд ямар нэгэн одон, медаль хүртээгүй хүн бараг үгүй болчхоод буй юм. Ямар сайндаа л “Нэгэнт бүгдэд нь олгох юм бол шагналын хуваарь, дугаар тараая. Та тэдэн оны төдөн сард шагналаа аваарай гээд хэлчихвэл урдуур, хойгуур дайрахгүй, ар, өврийн хаалгаар зүтгэж авлига, хээл хахууль цэцэглүүлэхгүй амар. Төрийн байгууллагынхан ч тодорхойлолт, өргөдөл уншина гэж зовохгүй хялбар” гэж иргэд хошигнох вэ дээ. Бидний бодит байдал ийм л байгаа.
Манай улс шагналд “дуртай” иргэдийг багаас нь, бүр бодлоготойгоор бэлддэг гээд хэлчхэд хилсдэхгүй. Цэцэрлэг, сургуулиудын дунд хэт олон уралдаан, тэмцээн, олимпиад зохион байгуулж, хүүхэд багачуудыг медалийн төлөө өрсөлдүүлдэг. Тэмцээн, уралдаан байж болох ч хэт олон, тэгээд үр дүнг нь медалиар хэмжээд ирэхээр л утга учир нь алдагдчихаж байгаа юм. Зарим сурагч энгэртээ багтахгүй, дааж давшгүй олон медальтай сургуулиа төгсдөг. Эхнээсээ гавьяа шагналын замаар явсан хүүхдүүд эрчээ алдахгүй, эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг эвдэхгүйн тулд оюутан болоод ч, ажлын талбар дээр гараад ч амжилттай байхыг хичээдэг, хүн бүхний хүслэн болсон өнөөх “төмөр”-үүдийг олны жишгээр энгэртээ зүүхийг боддог. Ингээд амьдралынхаа туршид авч болох бүх шагнал, одон, медалийг хүртсэн “амжилттай”, аз жаргалгүй иргэд бий болдог юм. Монголын сурагчдын холбоо, Монголын залуучуудын холбоо гэх байгууллагууд ч хүүхэд, залуусыг шагналын амтанд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Сурагчдын холбоо гэхэд сурлагын амжилт гаргасан I-V ангийн шилдэг сурагчдад “Эрдэм оюу” хүрэл, VI-IX ангийнханд мөнгө, ахлах ангийнханд алтан медаль олгодог байв, саяхныг хүртэл. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь хүртэл “Та хэдэн жил ажилласан билээ, ямар ямар медальтай вэ” гэж асууж байгаад л ажилтнуудаа ээлж дараалан шагналд тодорхойлдог юм билээ. Одон, медаль шүтсэн, гавьяа шагнал, баяр наадмын эргүүлэгт “унасан” одоогийн энэ байдлаас гарахын тулд бид шүүмжлэгч төдий байх нь хангалтгүй. Бодитой алхам хийж, үлгэрлэх шаардлагатай. Төр засаг ч шийдвэртэй алхам хийх хэрэгтэй.
“Наполеон өөрийгөө шагнах гэж л шагнал зохиосон юм”. Францын түүхэн удирдагч Наполеон Бонапарт өөрийн санаачлан бий болгосон “Хүндэт легионы одон”-г анх зөвхөн цэргийн ба иргэний онцгой гавьяатай хүмүүст олгодог байж. Харин хаан ширээнд суусныхаа дараа хэт олон хүнд энэ шагналыг олгох болсон нь нийгмийн зүгээс шүүмжлэл хүлээж, үнэ цэн нь тэр хэрээр буурчээ. Үүнээс үндэслэн дээрх хошигнол яриа хүртэл бий болсон гэдэг. Харин тус улс “Хүндэт легионы одон” олгох шалгуурыг өндөрсгөж, тоог нь хязгаарласнаар эл шагналын нэр хүндийг хамгаалан үлдэж чаджээ. Өдгөө энэ нь дотроо таван зэрэглэлтэй бөгөөд онцгой гавьяатай хүмүүст л олгодог, дэлхийд нэр хүндтэй шагналд тооцогддог. Шагналд тодорхойлох, шалгаруулах үйл явцыг нь Хүндэт легионы байгууллагын Ерөнхий канцлерын газар хэрэгжүүлж, хатуу чанд хяналт тавьдаг гэх. Харин манай улсад бол одон, медаль гардуулахаас бусад мэдээлэл нь хаалттай, хэрхэн шалгаруулдаг нь ч нууцлагдмал, үүнд хяналт тавьдаг байгууллага ч байхгүй. Төрийн тэргүүнүүд нь хэнийг шагнахаа өнгө үзэмжээр, өөрсдийн тааллаар шийддэг, ойр дотнын хүмүүстээ төрийн цол хүртээж, одон, медалийг харамгүй олгодог талаар ч бишгүй дуулддаг.
Нийгэм солигдсоноос хойш шинэчилж, өөрчилж хүчрээгүй ганц зүйл нь төрийн цол, одон, медаль ч гэж ярьдаг. Энэ хугацаанд шинээр олгож эхэлсэн, нийгмийн хүлээлтэд арай нэг ойрхон нь, 2004 онд санаачилсан “Чингис хаан” тэргүүн зэргийн одон. Үүнээс өөр өөрчилсөн зүйл бараг байхгүй, илүү олон хүнд л шагнал олгодог болсон. Уг нь шагналын тогтолцоо, нэр, тэмдгийг өөрчлөх санаачилгыг өнгөрсөн хугацаанд Төрийн тэргүүн, парламентын гишүүдийн зүгээс цөөнгүй гаргаж байсан ч ажил хэрэг болгосон нь үгүй. Үүний учир шалтгааныг “Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олддог” гэх үгээр тайлбарлаж болохоор. Мөн дургүйд хүчгүйг үзүүлсэн жишээ гэж ч хэлж болох юм. Яагаад гэхээр улс төрчид одон, медалийг сонгуулийн “хөзөр” болгож ашиглаж ирсэн. Дахин сонгогдох, албан тушаал, байр сууриа хамгаалахын тулд, тойрогтоо ажиллах нэрийдлээр одон, медаль тараадаг нь нууц биш. Нийгэмд, олон нийтэд таалагдахын тулд “Одон, медаль зах замбараагаа алдлаа” гэж шүүмжилсэн дүр эсгээд, цаашаа харангуутаа өөрсдийн гараар тараадаг.
Т.Доржханд тэргүүтэй өмнөх парламентын гишүүд “Манай улс 150 мянган одон, медалийг ширхэгийг нь 5000 төгрөгөөр хийлгэхэд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Цаашдаа ийм байдлаар одон үйлдвэрлэж, тараахаа болих хэрэгтэй. Олон улсад ийм шагналыг нэг төрлийн хахууль гэж үздэг. Швейцар улс одон, медаль олгохыг Үндсэн хуулиараа хориглосон. Зөвхөн цэргийн цол хэргэм олгодог. Шагнал хавтгайруулан олгохыг хориглох нь тусгаар тогтнолоо үгүйсгэсэн хэрэг биш, харин хөгжлийн эхлэл” хэмээн цар тахлын дараа сүйд болж байв. Гэтэл парламент нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг баталж, аймаг, сумуудад “төмөр” тараах кампанит ажлыг өргөжүүлсэн шүү дээ. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төсвийн мөнгөөр төмөр үйлдвэрлүүлэхгүй байх” талаар хөндөж эхэллээ. Гэхдээ тэрбээр сонгууль дөхмөгц сонгогдсон тойрог руугаа одон, медаль шуудайлаад гүйж байхыг үгүйсгэхгүй. Яг үнэндээ одоо ийм попрол, ухаарлын үг чихэнд ер наалдахаа байж. Бодитой алхам, шийдэмгий үйлдэл л хэрэгтэй. Шагналд зарцуулсан хөрөнгө, олгосон хүний тоогоороо Монгол Улс өөдөлдөг бол өдийд хөгжлийн охь манлайд хүрчихээр хугацаа өнгөрсөн. Даанч одоогийн бидний нөхцөл байдал юун шагнал, баяр наадам манатай л зүдрүү байна. Нэгнээ хөөргөж шагнадаг, ээлж дараалан энгэрээ цоолуулдаг “солиорол”-оо зогсооё.
Н.МИШЭЭЛ