Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудыг барих гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Меgha engineering and infrastructures” (MEIL) компанитай “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК өчигдөр инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгууллаа. Ингэснээр тус үйлдвэрийн хамгийн чухал хэсэг болох устөрөгч нийлүүлэх, хүхэр, шингэрүүлсэн шатдаг хий ялгах, бензин боловсруулах, дизелийн гидро цэвэрлэгээ хийх зориулалттай долоон байгууламжийг дээрх компани барихаар болов. Эдгээр гүн боловсруулалтын байгууламжуудыг АНУ, Франц, Итали, Нидерланд улсын нэвтрүүлсэн технологи, лиценз эзэмшигч компаниудтай хамтран боловсруулсан зураг төслийн дагуу 36-38 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил дөрвөн багцаас бүрдэж буй. Эхний багцад хамаарах есөн барилга, байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэж өгсөн бол II, III багцынх нь ган бүтээц угсрах, дулааны цахилгаан станцын барилгын суурийг цутгах ажлаар үргэлжилж байгаа гэнэ. Харин IV багцын ажлыг MEIL компанитай байгуулсан гэрээнд үндэслэн энэ онд эхлүүлэх боломж бүрдэв.
Ж.Сувд