Нийслэлийн суурьшлын бүсэд золбин ноход янгир, бор гөрөөс, аргаль зэрэг зэрлэг амьтан барих тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй байгаль хамгааллын ажил үр дүнгүй болох, тооцоолоогүй зардал гарах, ногоон бүсийн амьтны нөөц, сүргийн бүтэц алдагдах зэрэг эрсдэл нүүрлээд буй аж. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн зэрлэг амьтны хамгаалах, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд энэ асуудлаар санал солилцож, хэрэгжүүлэх төлөвлөгөө, хамтын ажиллагааныхаа талаар зөвлөлдсөн байна. Улаанбаатар хотын ногоон бүсийн амьтдыг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулж, холбогдох байгууллагынхныг байлцуулан хэлэлцүүлж, үе шаттай хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Н.Мишээл