Нийслэлийн түүх, нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж онцлохуйц цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. 1903 онд байгуулагдсан энэхүү ордонд Богд хаан хатан Дондовдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Эл музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал зэргийг энэ музейд хадгалдаг. Мөн VIII Богд Жавзандамба болон Дондовдулам хатны эдэлж байсан хувцас, хэрэглэл ч бий.
Түүнчлэн Монголын хаанд гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн өгсөн бэлэг дурсгал зэргийг музейн сан хөмрөгт хадгалдаг. Өөрөөр хэлбэл, Монголын шашин, төрийн ой санамжийг эл музейд хадгалдаг гэсэн үг. Иймд бид Богд хааны ордон музейгээ арчилж, тордон, олон улсад сурталчлан таниулах үүрэгтэй юм. Гэтэл бодит байдалд музейн эд өлгийн зүйлс, Монголын сүүлчийн хааны ордны сүмүүд төдийгүй тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Амгалан энхийн хаалга ч он цагийн уртад хуучирч гандаад цаанаа л нэг сүр сүлдгүй харагдана. Нэгэн зууныг өртөөлсөн уг хаалгыг барихад нэг ч хадаас ашиглаагүй бөгөөд 108 төрлийн оньсоор угсарсан гэдгээрээ одоогийнхоор бол архитектурын шилдэг бүтээл юм. Өөдлөх айл үүднээсээ хэмээх хэлц Богд хааны ордон музейд эсрэгээрээ биеллээ олж. Ордны гаднах хашааг тойруулсан бүрээс нь үжирч муудаад, хүчтэй салхилахад л хийсчихмээр хэврэг харагдана.
Тасалбар борлуулах гэрээр дамжин дотогш орвол энд тэндээ хагарч бутарсан чулуутай, энхэл донхол явган хүний зам, будаг нь халцарч, мод нь цухуйсан дүнсгэр хэдэн сүм “угтах”. Зээгт наамлын болон Шүтээн зургийн сүмээр дамжин Өвлийн ордон руу ороход хуучны модон шал өөдөөс ярих нь холгүй алхах бүрд чийхарч дуугарах юм. Мөн хана, тааз нь зарим хэсэгтээ суулт өгч, хагарсан байв. Эл ордны нэгдүгээр давхарт Богд хааны шувууны чихмэлийн цуглуулга бий. Харин хоёрдугаар давхарт түүний 25 насны төрсөн өдрөөр Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдоржийн бэлэглэсэн ирвэсийн арьсан бүрээстэй гэр, багадаа өмсөж байсан дээл, тоглоом зэргийг байршуулжээ.
СЭРГЭЭН ЗАСАХ АЖЛЫГ 2022 ОНД ЭХЛҮҮЛСЭН Ч ОДОО БОЛТОЛ ДУУСГАСАНГҮЙ
Энэхүү музей нь зуны мөргөлийн долоон сүм, өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд 1961 оноос хойш их засвар хийгээгүй. Олигтой арчилж тордолгүй 60 гаруй жил болсон учраас энд тэндээ будаг, шавар нь ховхорч, халцраад удаж буйг мэдэхгүй хүн ховор биз. Тиймээс хуучнаар Соёлын яамныхан 2022 онд УИХ-аас баталсан төсвийн хүрээнд түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэж, их засвар хийхээр төлөвлөсөн юм. Үүний дотор Богд хааны ордон музей ч багтсан. Ингээд музейн сэргээн засах ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” компани шалгарч, 2022 оны наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлжээ. Тэд Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхдын сүмийн засварын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан аж.
Ингэхдээ дурсгалт барилгыг буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга, цонх зэргийг сэргээн засахаар тусгасан. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засахаар Соёлын өвийн үндэсний төвийнхөн БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг ч урьж зөвлүүлсэн байдаг. Улмаар 2024 оны наймдугаар сарын 1-нд сүмүүдийг бүрэн сэргээн засаж дуусгах хуваарьтай байсан ч засварын ажил одоо хэр дуусаагүй, музейг зорин очсон хүмүүс Бурхдын сүм болон Өвлийн ордныг л үзэж байна. Богд хааны ордон музейг сэргээн засах ажил удааширсан шалтгааныг “Энэржин” компанийн захирлаас тодруулахад “Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай газарт жилийн дөрвөн улирлын хагаст нь л энэ ажлыг хийх боломжтой.
Ер нь зуны гурван сард л ажилладаг. Хэдийгээр тухайн өдөр дулаан байсан ч шөнөдөө хасах градуст хүрвэл сэргээн засах боломжгүй. Мөн салхи шуургатай үед соёлын өвийг гэмтээх эрсдэлтэй. Ер нь сүм, хийд, соёлын өвийг сэргээн засах маш төвөгтэй, судалгаа, шинжилгээ шаардлагатай байдаг. Монголд ганц байдаг хааныхаа ордныг сэргээн засаж байна гээд тарамдаад өнгөрч болохгүй” гэсэн хариулт өглөө. Гүйцэтгэгч компанийнхан ийм байр суурьтай байгаа бол захиалагч тал болох Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Богд хааны ордон музейг жилд дунджаар 50-70 мянган хүн үздэг. Үүний 50 мянга орчим нь жуулчин. Музейг сэргээн засахад нарийн ажиллагаа шаарддаг юм байна. Тиймээс нэлээд хугацаа шаардлаа. Сэргээн засах ажлыг ирэх сарын 25-нд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр болсон. Бид цаашид бурхан багшийн шүтээний сүм болон ажилтнуудын байрыг шинээр барихаар төлөвлөж байгаа. Ажилтнуудын байрыг 50 жилийн өмнө сүрлээр хийсэн. Өдгөө энэ барилга манай музейн өнгө төрхөд сөргөөр нө лөөлж байна” гэсэн юм. Тэгэхээр бараг гурван жил үргэлжилж буй сэргээн засах ажлыг ирэх сарын 25-нд бүрэн дуусгах, эсэхийг харах л үлдэж байна.
“ОЛОН УЛСАД СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСАХДАА УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИ, ХИЙЦ, БҮТЭЭЦ, МАТЕРИАЛЫГ ТЭР ЧИГТ НЬ ХАДГАЛАХ ЗАРЧИМ БАРИМТАЛДАГ”
Соёлын өвийг сэргээн засахдаа юуг анхаарах шаардлагатай талаар Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооны тэргүүн, доктор О.Ангарагсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр зураач мэргэжилтэй бөгөөд Японы Киотогийн их сургуульд соёлын өвийг сэргээн засах чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалжээ. Мөн Нарагийн үндэсний судалгааны хүрээлэнгийн Сэргээн засварлалт, хадгалалт, хамгааллын тасагт туслах судлаачаар 2016-2021 онд ажиллаж байсан туршлагатай юм. Тэрбээр “Богд хааны ордон музей нь уламжлалт технологийг хадгалан үлдсэн Монголын нийгэм, түүх, шашин, соёлын хувьд ихээхэн үнэ цэнтэй цогцолбор дурсгал юм.
Тиймээс материалын болон технологийн судалгааг нэгбүрчлэн хийх хэрэгтэй. Ямар арга, технологи ашиглаж, юугаар хийснийг сайтар шинжилсний дараа гэмтлийн судалгааг хийх ёстой. Үүний дараа л сэргээн засах төлөвлөгөө гаргаж, ажлаа эхлүүлнэ. Мөн эх төрх, бүрэн бүтэн байдал гэж яг юуг хэлээд байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Олон улсад соёлын өвийг сэргээн засахдаа уламжлалт технологи, хийц, бүтээц, материалыг тэр чигт нь хадгалах зарчим баримталдаг. Тухайн өв анх ямар байсан түүгээр нь хадгалах юм.
Мөн сүм, хийдийг тухайн газар нутагтай нь хадгалан авч үлдэх зарчим баримталж байна. Өөрөөр хэлбэл, эх төрх, бүрэн бүтэн байдлыг нь хадгалан үлдээхдээ уламжлалт технологи, материалыг нь шинээр сольдоггүй гэсэн үг. Жишээлбэл, хана, шалыг нь буулгаж, баганыг нь шинэ материалаар хийчихвэл энэ нь соёлын өвийн сэргээн засварлалт бус, барилгын засвар болж хувирах юм. Тэгэхээр зарчмын хувьд барилгын засвар хийж байна уу, эсвэл соёлын өвийг сэргээн засаж, насыг нь уртасгаад байна уу гэдийг ойлгох хэрэгтэй. Хоорондоо маш их ялгаатай” гэсэн юм.
АМРАЛТЫН ӨДӨР Л ХАМГИЙН ОЛОН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ
Музейг байнгын хүнтэй байлгахын тулд үзмэрээ сэлгэх нь чухал. Тиймээс сан хөмрөгт хадгалж буй эд зүйлсийг дэлгэн эргэлтэд оруулах хэрэгтэй. Тус музейн захирлын хэлснээр Богд хааны ордон музей сан хөмрөгтөө 8600 гаруй үзмэртэй. Гэвч үүний 10 орчим хувийг нь л нийтэд дэлгэн үзүүлдэг аж. Мөн үзвэрүүдээ улирал тутамд сэлгэдэг гэх. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд лав үзмэрүүдээ сэлгээгүйг иргэд хэллээ. Нидерланд улсын нэгэн иргэн цахим хуудсандаа “Улаанбаатарын хамгийн сонирхолтой газруудын нэг нь Богд хааны ордон музей. Энд үзэх зүйл олон бий. Гэхдээ зураг дарах зөвшөөрөл нь 150 мянган төгрөгийн үнэтэй. Доторх сүм болон үзмэрийн зураг дарах нь хориотой учраас зөвхөн гаднаас нь авах боломжтой” гэжээ.
Энэ талаар музейн ажилтнуудаас тодруулахад “Үзмэрийн зураг дарахыг хориглодог. Зөвхөн Амгалан энхийн хаалганы урд зургаа авхуулахад 150-800 мянган төгрөгийн үнэтэй. Харин тасалбарыг оюутан, сурагчдад 5000, ахмад настнуудад 8000, насанд хүрэгчдэд 15 мянган төгрөгөөр борлуулдаг” гэв. Тэгвэл эл музейг нэг жилд ойролцоогоор 50 мянган жуулчин зорин ирдэг гэж бодвол тэдгээрээс хамгийн цөөндөө 10 хувь нь эл хаалганы урд зургаа даруулна. Тэгэхээр тасалбарын үнийг оруулахгүйгээр зөвхөн зураг даруулаад л хамгийн багадаа 750 сая төгрөг олох боломжтой гэсэн үг.
Тус музейн захирал “2018 онд намайг ажлаа авахад музейн жилийн орлого 180 сая орчим төгрөг байв. Харин өдгөө нэг тэрбум төгрөгт дөхсөн” гэх. Ийм атлаа одоо хүртэл ариун цэврийн өрөөнийхөө асуудлыг шийдээгүй нь харамсалтай. Ариун цэврийн цаасгүй, эвгүй үнэр танараас эхлээд маш бохир, шалаар нь дүүрэн ус урссан газар хүн оруулахаас ч ичмээр байдгийг аяллын хөтөч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Амралтын өдөр л хамгийн олон хүн зорин ирж, үйлчлүүлдэг. Гэтэл энэ үед үйлчлэгчид нь ажилладаггүй тул орохын эцэсгүй бохир ариун цэврийн өрөө “угтах” аж. Уг нь энэ музейгээс л жуулчид Монголын шашин, соёл түүхийг тольдох юм сан.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХӨШӨӨ МЭТЭЭР ТУХАЙН УЛСЫН СОЁЛЫН ДАРХЛААГ ХЭМЖИХГҮЙ
VIII Богд Жавзандамба хутагт монголчууд бидэнд түүх, соёлын арвин баялаг бөгөөд хосгүй үнэт өвүүдийг үлдээжээ. Харин тэр бүхнийг 100 гаруй жилийн дараа гэхэд хойч үеийнхэн нь хадгалж, хамгаалж, арчилж, тордож чадаж байна уу гэвэл харамсалтай нь үгүй л болов уу. Нэгэн жишээ дурдахад, эл музейн зүүн хойно орших чулуун үзмэрийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Бүр ийм үзмэр байдгийг нь мэдэх хүн ч цөөн аж.
Гэтэл тэнд Галдан бошигтын их буунаас эхлээд түүхийн дурсгалт олон баримт бий. Х Богд Жавзундамба хутагтыг Монголоос тодруулснаар манай улс алсдаа дэлхийн буддистуудын төв болох боломжтойг философи, шашин судлалын салбарын эрдэмтэд онцолж байна. Үүнийг дагаад манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тэр хэрээр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх давуу талтай. Энэ нь ч биеллээ олж, Богд хааны ордон музейг үзэх жуулчдын цуваа сүүлийн жилүүдэд тасарсангүй. Гаднаас нь харахад эгэл даруу хэдхэн ордон мэт боловч дотор нь үнэлж баршгүй, ховор нандин өв хадгалагддагийг мэдсэн гадаадын жуулчид тив алгасан ирж, мэлмийгээ баясгаж байна. Тухайлбал, бурхан багшийн үс, хуруу, цахиур эрдэнийг эл музейд хадгалдаг. Гэтэл бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшний хүмүүс шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхийн бурхны шашны төв болгоно гэх нэрээр хөшөө босгож, эрдэм шинжилгээний хэдэн хурал зохион байгуулсан болоод л өнгөрч байна. Жишээ нь, эл музейн гадна Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг 2020 онд байгуулж, 13 хөшөө босгожээ.
Гэхдээ VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөнөөс бусдыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Өчнөөн мөнгө зарлагадчихаад онц сонирхолтой зүйлгүй, ядаж жуулчдад зориулсан монгол, англи тайлбартай хийчихгүй хэмээн дургүйцэх хүн ч олон. Уг нь тухайн үндэстний соёлын дархлааг энд тэндгүй босгосон, олон хөшөөгөөр бус, хэдэн зууны цаглавар болсон дурсгалуудаар тодорхойлох учиртай сан. Гэтэл манайд ямар ч ач холбогдолгүй, хэн ч тоохгүй хөшөө босгоод түүнийгээ бүтээн байгуулалт гэж нэрлэх болжээ. Богд хааны ордон музей бол өнгөрсөн үеийн бахархал төдийгүй ирээдүйн хөгжлийн хөшүүрэг юм. Гэтэл Богд хааныхаа ордныг тордож чадахгүй байгаа улс хэрхэн дэлхийн бурхны шашны төв болох юм бэ. Угтаа эл музейн цаашдын зорилгыг өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээхээс гадна дэлхийн шашин, соёлын төв болох гол түлхүүр гэж харж, бодитой анхаарах цаг хэдийн болсон. Хэрэв энэ хэвээр арчилж тодолгүй үл хайхарвал 20-30 жилийн дараа гэхэд хойч үеийнхэн маань хааныхаа ордныг зургаас л харах бололтой.
У.Сүрэн