Узбекистаны Самарканд хотноо арваннэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилсэн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуудын 20 дугаар бага хурлын (CITES COP20) үеэр Казахстан улсаас дэвшүүлсэн бөхөнгийн эвэр худалдах саналыг баталжээ. Тэгвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Учир нь бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд өссөн ч эврийг нь худалдаж эхэлснээр хулгайн ан болон хууль бус наймааг гааруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар “Бөхөн бол зөвхөн Монголд орших өвөрмөц дэд зүйл. Тоо толгой нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний хувьд Монгол орны нөхцөл байдал эмзэг хэвээрээ. Хэрэв хангалттай хамгаалж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр эврийг нь худалдаж эхэлбэл олон улсын эрэлт огцом өснө. Ингэснээр хулгайн ан болон хууль бус наймааг “цэцэглүүлэх” эрсдэлтэй. Улмаар бидний олон жилийн хөдөлмөр талаар болно” хэмээв.
Монголын байгаль хамгаалах сангийн мэдээлснээр манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг бөгөөд Говь-Алтай, Ховд, Дорноговь, Өмнөговь зэрэг цөлөрхөг бүсийн байгалийн тэнцвэрийг хадгалдаг ховор амьтан юм.
У.Сүрэн