Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 114 дүгээр чуулган “Платформ эдийн засаг ба дэлхийн хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдвийн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд болж өндөрлөлөө. Чуулганд дэлхийн улс орнуудын Засгийн газрын гишүүд, ажил олгогч эзэд, ажилтнуудын төлөөлөл оролцож, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжуудын талаар хэлэлцэн, нийгмийн шударга ёсыг ахиулах асуудлаар санал солилцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Монголд ажиллагсдын 46 хувь нь хуулийн хамгааллаас гадуур хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд хамрагддаггүй” гэсэн ноцтой судалгааг танилцуулж, уг асуудлыг нухацтай хөндсөн байна. Энэ нь албан бус эдийн засгийг “өрдөөд” зогсохгүй ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг ч маш доогуур түвшинд үнэлэх шалтгаан болж буйг онцолжээ.
Чуулганд манай улсаас олон улсын дүрмийн дагуу гурван талт нийгмийн түншлэгч талууд оролцож, дуу хоолойгоо хүргэв. Энэ удаагийн чуулганы гол сэдэв нь ажил эрхлэлтийн статусыг тодорхой болгох, платформын ажилчдыг бие даасан гүйцэтгэгч үү, эсвэл албан ёсны ажилтан уу гэдгийг тодорхойлох явдал бөгөөд уг асуудлаарх олон улсын нэгдсэн шалгуурыг тогтоох байв. Үүний дотор ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэвэр, амралт, хөдөлмөрийн аюулгүй байдлын баталгааг хэрхэн хангах талаар түлхүү хэлэлцсэн байна. Ажилчдыг үнэлэх, захиалга хуваарилах, цалин хөлсийг тооцох зэрэгт ч анхаарал хандуулжээ.
О.Оргилох