УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. СЕХ нь нийт есөн гишүүнтэй. Тэднээс дарга болон нарийн бичгийн даргаас бусад нь орон тооны бус гишүүн байдаг юм. Тэгвэл тус хорооны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон билээ. Түүнээс хойш СЕХ даргагүй яваа. Мөн эл хорооны нийт гишүүний тавыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр хоёрыг нь санал болгон УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог. Тэгвэл байнгын хорооноос нэр дэвшүүлж томилсон Б.Баасандорж, Д.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн квотоор орсон Г.Байгальмаа, Дээд шүүхээс санал болгосон О.Амгаланбаатар, Д.Баяндүүрэн нарын бүрэн эрхийн хугацаа энэ оны эхэнд дууссан байна. Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрх ирэх наймдугаар сард дуусна. Одоогоор хугацаа тулаагүй ганц гишүүн байгаа нь 2024 онд томилогдсон Т.Сүхболд юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй ч сонгуулийн төв байгууллага нь даргагүй, бүрэн эрхийн хугацаа дууссан олон гишүүнтэй удсаны эцэст ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Ариунболд, ЦЕГ-ын дарга Ж.Болд, УБЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Давааням, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг нарыг оруулж ирсэн аж.