Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилгоор 2019 оноос “Чулуут тул-2030” төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ мөрний эх Чулуут голд гурван сая гаруй жарамгай нутагшуулсан “Байгалийн загас үржүүлэг” төрийн бус байгууллагынхан “Илэнх” хэмээх ээлжит төслөө танилцууллаа. Уг санаачилгын хүрээнд Булган аймгийн Тэшиг сум дахь Илэнх, Эрин голын экосистемийг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой хадгалах, нутгийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг хийх нь.
Энэ төсөлд зориулж Булган аймагт байгуулаад буй хээрийн лаборатори нь үржлийн улиралд 750 мянга орчим жарамгайг бойжуулах хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй гэнэ. Түрс бойжуулах долоон инкубатор, жараахай өсгөх гурван танктай аж.
Загас үржүүлэгчид “Илэнх” төслийн ажлаа өнгөрсөн сараас эхлүүлжээ. Одоогоор Илэнх, Эрин гол дахь үржлийн эх сүргээс 300-гаад зэвэг, хадран барьж, 350 мянга орчим түрсэнд үр тогтоон, инкубаторт амжилттай нутагшуулаад байна. Ташрамд дурдахад, “Чулуут тул”-ынхан Британид төвтэй “SHOAL conservation” байгууллагад бүс нутгийн гишүүнээр элсэж, Монгол орны гол мөрний экосистем болон тэдгээрийн тэнцвэрт байдлыг хангагч тул, зэвэг, хадран зэрэг ховор загасыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ж.Сувд