УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ. Эх орноо хамгаалахаар явсан цэрэг хөвгүүд амиа алдсаар байгаагийн хариуцлагыг тус намын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас нэхэж, түүнийг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаад хоёр долоо хонож буй. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй нь “Хариуцлага тооцох шаардлагагүй” гэсэн үг хэмээн тэд ойлгож буй гэв. Тиймээс тэд Н.Учралыг өөрийг нь огцруулах асуудал хөндөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Гэхдээ асуудлыг илүү өргөн хүрээнд тавих аж. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацааны 50 хувь нь өнгөрсөн ч МАН-ынхан томилгооноос өөр тоймтой ажил хийгээгүй гэж АН үзэж буй юм. Тус намын дарга О.Цогтгэрэл “Шаардлагатай бол зөвхөн АН-ын бүлгийн хүрээнд биш, бусад намын гишүүдийг оролцуулж, 64 хүний гарын үсэг цуглуулна. Хэдийгээр энэ Засгийн газар байгуулагдаад 80 орчим хонож буй ч өнөөдрийг хүртэл эдийн засгийг өөд нь татах, иргэдийнхээ амьдралыг хэрхэн сайжруулах талаар тоймтой бодлого, төлөвлөгөө танилцуулсангүй. Тийм чадамжгүй гэдгээ харууллаа” гэсэн юм.
Үүнээс гадна АН-ынхан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө “шавдуулах” нь. Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Харин тэдний хуулийн төсөл хувийн өмч, иргэний эрхийг хамгаалах замаар эдийн засгийг сэргээх илүү өргөн агуулгатай гэв. Б.Жаргалан гишүүн энэ талаар “Уг хуулиар төр эдийн засгийн салбарт оролцдогийг зогсооно. Төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэж байна. Өрсөлдөөн зах зээлд биш, улс төрийн тавцанд өрнөдөг болсон гажуудлыг засахын тулд эл анхдагч хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.
С.Уул