Элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28- нд улсын хэмжээнд зохион байгуулна. Эхний өдөр хүүхдүүд түүх, англи хэлний хичээлээр шалгуулах бол 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтад хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн өдөр нийт 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд заасан хугацаанаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очиж, анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
Энэ оны элсэлтийн шалгалтад нийт 49 014 шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 87 хувь нь 2026 оны төгсөгч бол 13 хувь нь өмнөх оных аж. Бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Мөн шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотынх. Тодруулбал, нийт шалгуулагчийн хамгийн олон буюу 26 100 нь нийслэлд бүртгүүлсэн бол Хөвсгөлд 1923, Дархан-Уулд 1764, Орхонд 1756, Өвөрхангайд 1426, Ховдод 1350 хүүхэд шалгалт өгөх нь. Шалгуулагчдын хамгийн их сонгосон хичээл нь математик, англи хэл, нийгэм судлал. Тухайлбал, 35 271 хүүхэд математик, 33 177 нь англи хэл, 31 431 нь нийгэм судлалын хичээл сонгож бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, математикийн хичээлийг нийт шалгуулагчийн 72 хувь нь сонгосон байгаа юм. Харин хамгийн цөөн хүүхэд сонгосон хичээл нь газар зүй, түүх, орос хэл.
Ташрамд, өнгөрсөн оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21- нд болсон бөгөөд 43 318 шалгуулагч бүртгүүлсний 3000 нь өмнөх оны төгсөгч байжээ.
Ч.Болор