Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, эмхтгэлүүдийг бүртгэдэг “Scopus” мэдээллийн систем 2025 оны үзүүлэлтүүдээ шинэчилснээр “Mongolian journal of chemistry” олон улс дахь зэрэглэлээ ахиулж, Q3 ангиллын сэтгүүлд багтав. Үүний үр дүнд Монгол дахь химийн шинжлэх ухааны ололт амжилт, голлох судалгааг олон улсад түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, нөлөөллийг нэмэгдүүлэх боломж бүрдэв.
“Scopus”-ыг хариуцагч “Elsevier” компани эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг өгүүллийн чанар, нөлөөлөл, эшлэлийн тоо зэргийг нь харгалзан жил болгон Q1-Q4 түвшинд эрэмбэлдэг. Тэгвэл манай улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг химийн сэтгүүл энэ шалгуураар дунджаас дээш үнэлгээтэйд багтаж байна. 1963 онд анхны дугаараа уншигчдадаа хүргэсэн тус сэтгүүлийг Хими, химийн технологийн хүрээлэнгийнхэн хэвлэмэл болон онлайн хэлбэрээр жилд нэг удаа олон улсад хэвлүүлдгээрээ онцлогтой.
Н.Мишээл