Эрх чөлөөний талбайд буюу “Тэнгис” кино театрын ойролцоох “Street food” мухлагаар үйлчлүүлж байсан хоёр охин ийн ярив.
-Чамд хэдэн төгрөг байна?
-9000, уг нь ээж нэмээд 5000 төгрөг “хийнэ” гэчхээд байдаггүй.
-9000 төгрөгөөр хоёр удэн л (тусгай шөлөнд чанасан загасны амттай гурил) авах юм байна. Надад 3000 төгрөг бий. Удэнээ идчихээд “зайрмагдах” уу.
-За одоохон, ээж рүү 5000-аа хийгээч гээд хэлээтэхье. Тэгвэл хоёулаа удэнээ болиод нэг нэг корнодог авчихна хэмээн 10-11 настай болов уу гэмээр хоёр охин утсаа “оролдоно”. Төд удсан ч үгүй охид удэн авч, тэр дор нь идчихээд “Сүүн зайрмаг” гэсэн мухлаг руу дөхөв. Янз нь нэмэлт санхүүжилт ирсэнгүй бололтой.
Дээрх талбай дахь “Хуушуур, шорлог хүйтэн ундаа” гэсэн мухлагийн гадна сандалд нэг гэр бүлийн бололтой 60 орчим насны хос сууна. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газрын нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлчхээд харих гэж яваа нь энэ. Тэднээс гудамжнаас байнга хоол авч иддэг, эсэх, үйлчилгээ болон чанар нь хэр санагдаж буйг нь асуухад эхнэр нь “Бид гудамжнаас хоол авч идээд байдаггүй. Гэхдээ энэ хавиар явж байтал хуушуур, шорлогийн үнэр ходоод гижигдчихлээ. Хоёр, хоёр хуушуур захиалчхаад хүлээж сууна. Халуун кофе ч бас авлаа. Хуушуур нь 4000, найруулдаг кофе 2000, нийт 20 000 төгрөг төллөө. Жижиг зайд сандал, ширээ байрлуулж, авсаархан тохижуулсан байна. Маргааш бас энэ хавьд ажилтай, хуушуур нь амттай бол ахиж ирж иднэ дээ” гэлээ.
Улсын их дэлгүүр (УИД)-ээс Баруун дөрвөн зам руу явах авто замын хойд талд дөрвөн төрлийн хуушуур борлуулж буй мухлагийн эзэн бүсгүй “Манайх гудамжинд хоол зараад гурван жил боллоо. Мах, гурил, ургамлын тос зэрэг бүх бүтээгдэхүүний үнэ өссөн учраас хуушуураа 3500-4000 төгрөгөөр борлуулаад ч ашиг төдийлөн алга. Бас иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас үйлчлүүлэгч ч тааруу. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ хавар үйлчлүүлэгч илт цөөрчээ. Түүнчлэн хотын төв хэсэг УИД, Цирк, “Хүүхдийн 100” зэрэг байршилд маш олон хоолны мухлаг ажиллуулж буйгаас өрсөлдөөн ч ихтэй болж” гэлээ.
Тэгвэл УИД-ээс Цирк рүү явах зам дагуу “Битлз”-ийн хөшөө орчимд догбуги (халуун ногоотой соусанд чанасан цагаан будааны гурил), удэн, амталсан гахайн мах, тахианы махан шорлог зэргийг борлуулж буй нэгэн “Хоолны материалуудаа үргэлж шинэ байлгахыг хичээн, тухай бүрд нь хоолоо бэлтгэж өгдөг. Мэдээж шорлогийн махыг дарж зөөлрүүлэхэд цаг зарцуулдаг ч дарсан махаа захиалсан даруйд нь шарж өгдөг. Хүүхэд, залуус голдуу үдэн, догбуги худалдан авдаг бол оффисын ажилтнууд шорлог, амталсан гахайн мах, хуушуур иддэг. Ер нь удэн, догбугиг залуучууд, хүүхдүүд түлхүү сонирхдог. Халуун ногоо, далайн хоолны часхийсэн амттайгаас гадна арай хямд үнэтэй учраас тэр” гэсэн юм.
Эрс тэс уур амьсгалтай манай оронд гудамжны хоолны салбарыг хөгжүүлэх, бүх улирлын турш ажиллуулж, үйлчлүүлэгчдэд хоногшуулах боломж бага. Харин зуны дэлгэр цаг эхлэхтэй зэрэгцэн энд, тэндгүй хоолны мухлаг олширч, хуушуур, шорлог болон солонгос хоолнууд зардаг болоод цөөнгүй жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд Урт цагаанаас Цирк, Циркээс Баруун дөрвөн зам, Баруун дөрвөн замаас Бөмбөгөр, Бөмбөгөрөөс Эрх чөлөөний талбай гэсэн байршилд хоолны болон зайрмагийн явуулын мухлаг барагцаалбал 30 гаруй байна. Тэдгээрт голдуу амталсан тахиа, гахайны мах, удэн, догбуги, хуушуур, шарсан зайдас, сам хорхой зэргийг нэг порцондоо багавтар ногдуулж борлуулдаг аж. Мөн УИД, “Имарт” худалдааны төв болон Циркийн ойролцоох томоохон оффисын барилгын хажууд шорлог, плов, хорхог зэргийг зардаг илүү том асруудыг ажиллуулж эхлүүлжээ. Ийм том асруудыг нь тухайн барилга, худалдааны төвөөс зөвшөөрөл авч, зохих төлбөрөө төлж ажиллуулдаг гэсэн. Шорлог нь багадаа 20 000 төгрөгийн үнэтэй бол нэг таваг плов 18 000, ширхэг самса 9000 гэж байна. УИД-ийн гадаах асарт шорлог идэхээр зогсож байсан залуу “Энд узбек тогооч шорлог, самса, шаурма, плов хийдэг. Тун дажгүй амттай. Гэхдээ нэг шор шорлог буюу 5-6 бөөрөнхий мах, хэдхэн хэрчим ногоо л 22 000 гэхээр байнга авч идэх боломжгүй, үнэтэй юм. Саяхан л хэдхэн жилийн өмнө шорлог 5000 төгрөг байсан санагдана. Тэгээд нэмэгдсээр 10 000, 12 000 болсон. Одоо бүр 20 000 даваад явчихлаа. Хүнс, хоолны үнэ огцом өсөж байна. Үүнээс ч шалтгаалав уу, энэ шорлогийн асарт гэхэд хүн цөөн байгаа биз” хэмээв.
Тухайн үндэстний хоол, зоогийн уламжлал, соёл, амтыг гудамжны хоолноос нь амталж тодорхойлж болдог. Тэгвэл гудамжны хоолны нэр, төрөл, амт, өнгө үзэмжээр сүүлийн жилүүдэд БНСУ толгой цохих болжээ. Тус улсын загасны гурилан удэн, цагаан будааны догбуги, шарсан тахиа зэрэг нь жуулчдын хамгийн их сонирхдог бүтээгдэхүүн гэнэ. Мөн Тайланд бүх төрлийн шорлог, шарсан будаагаараа алдартай бол Туркын махан хоолнууд буюу донер, кебаб зэргийг олон улсад үнэлдэг юм байна. Хамгийн гол нь эдгээр улсын гудамжны хоолнууд стандартын шаардлага хангасан, улсынхаа хэмжээнд нэг ижил гэж болохуйц амтыг санал болгодгоороо онцлог аж. Мөн тусгай бүсэд (Street food zone) олон лангуу гарган, зөвхөн гудамжны хоолоор дагнан, хямд бөгөөд өргөн сонголттой бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Бас БНХАУ-ын хотууд дахь шөнийн хоолны лангуунууд нь өглөө болтол ажиллаж, бүх төрлийн шорлог, олон төрлийн шарсан махаар зочдоо дайлахаас гадна шар айраг, коктейль зэргийг ч борлуулдаг учраас нутгийн иргэд, жуулчид очих дуртай гэсэн. Улмаар Сингапурт 2016 онд шар буурцгийн соус бүхий тахианы махтай будаа хийж борлуулдаг лангууны эзэн Hawker Chan гэгч тогооч анх удаа “Мишлений од (Michelin star)” авч олон улсад шуугиан тарьсан. Энэ нь зөвхөн дээд зэрэглэлийн ресторануудын амт чанараараа тэргүүлдэг хоол, зоогт олгодог “Мишлений од”- ыг газарт буулгаж, “будаатай хуурга” хийдэг лангуунд олгосон түүхэн явдал болсон нь одоо ч яригддаг билээ. Өөрөөр хэлбэл, гудамжны хоол нь иргэд, жижиг бизнес эрхлэгчдийн орлогын хэрэгслэл төдий биш, үлгэр дууриал болж хоол, зоог, зочлох үйлчилгээний салбарт дэлхий дахинд ч танигдаж мэдэх томоохон бизнес гэдгийг нотолсон хэрэг юм.
Манай орны хувьд суурин бус, нүүдэлчин соёлтой учраас иргэд нь гудамжнаас хоол авч идэж, тэндээ “төвлөрч” амьдарч ирсэнгүй. Наадмаар л тухайн аймаг, орон нутгийнхаа цэнгэлдэх хүрээлэнд цуглан голдуу хуушуур, нэмээд будаатай хуурга зэргийг “эргүүлдэг” байв. Харин сүүлийн жилүүдэд наадмын өнгө аясыг хуушуур, айргийн амт тодорхойлно гэлцэн, найман настай балчраас наян настай ахмад хүртэл хуушуурын асарт дугаарладаг болсон. Эндээс харахад бидний хувьд үндэсний онцлог шингэсэн гудамжны хоол бол хуушуур байж таарах нь. Махыг нь л татаад бэлтгэчихвэл гурилдаа бага хэмжээгээр ногдуулж чимхээд, хайрч бэлэн болгодог нь хамгийн хурдан ч технологи байж мэднэ. Гэхдээ хуушуурын тос, бас махны чанар, стандарт гэж нэг асуудал бий. Хамгийн хурдан чанараа алддаг, муудаж үнэр ордог махыг хэрхэн зөв хадгалж, шинээр нь байлгах вэ гэдэг чухал. Зөвхөн мах ч гэлтгүй гудамжинд бүх төрлийн хоол хийж, бэлтгэхэд эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх учиртай. Хянаж, шалгаж, шаардлага хангуулж байж гудамжны хоол хийх зөвшөөрөл олгодог байх. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Гудамжны хоол хийж, борлуулах мухлаг, лангууны зөвшөөрлийг энэ жилээс цахимаар олгож эхэлсэн. Дүүргүүд өөрсдийн нийтийн эзэмшлийн аль талбайд, хэдэн мухлаг байршуулахыг шийдэж байгаа. Манай дүүргийн хувьд энэ хавар цахимаар 300 орчим хүсэлт хүлээн авлаа. Үүнээс байршил, талбайн багтаамжаа харгалзан 160 гаруй мухлаг, лангуу ажиллуулах зөвшөөрөл олгосон. Тухайн мухлагийг ажиллуулах хүн нь тогоочийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан гэсэн үндсэн шалгууртай. Бас мухлагийнх нь зураг, зохион байгуулалт, хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг шалгадаг. Иргэдийн зүгээс хаана ч хамаагүй мухлагаа байрлуулна, “Чөлөөлье” аяны хүрээнд ямар ч бизнесийг дураараа эрхэлж болно гэсэн ойлголттой болжээ. Хоол үйлдвэрлэлийн хувьд эрүүл ахуйн шаардлага, тогоочийн үнэмлэх зэрэг хэрэгтэйгээс гадна хаана, хэдэн мухлаг тавих вэ гэдгийг дүүргээс зохицуулахаас өөр аргагүй. Нөгөөтээгүүр, мухлаг бүрийн хоолноос бид дээж авч, хүнсний аюулгүй байдлыг хангаж буй, эсэхийг шалгах боломжгүй. Учир нь тийм хүн хүч ч алга, бас гудамжны хоол гэдэг утгаараа ямар нэгэн стандарт байхгүй. Харин нэг удаагийн аяга, таваг, халбага зэргээр үйлчлэх ёстой” гэсэн юм.
Монголчууд малын гаралтай түүхий эд, махаар голдуу хооллож ирсэн. Суурин соёл иргэншилтэй, тариа, ногоог хүнсэндээ хэрэглэж ирсэн үндэстнүүдтэй харьцуулахад хоолны нэр, төрөл цөөн. Тиймээс ч гудамжны хоол гэмэгц хуушуур нэмээд шорлог л байна. Харин залуус гудамжны хоолны нэр, төрлийг хөгжүүлж, илүү олон бүтээгдэхүүнээр үйлчлэхээр хичээх болсон нь сайн хэрэг. Гэхдээ ялангуяа сурагчид, оюутнуудын дунд Солонгосын түргэн, гудамжны хоолны борлуулалт өндөр байдаг болжээ. Үүнд дээр дурдсанчлан удэн, догбуги, кембаб зэргийг нэрлэж болно. Бас гудамжны хоолны бизнест дургүй, энэ нь урт хугацаандаа ходоод, хоол боловсруулах эрхтний өвчлөлийг улам нэмэгдүүлнэ гэх хүн ч байна. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Б “Манай нийслэлд ундны усны бохирдол ихтэй. Мөн агаарын болон хөрсний бохирдол ч өндөр. Ийм орчинд гудамжинд хоол хийж зараад, хүүхэд, залуус олноороо авч идээд байдаг нь буруу шүү. Бас ямар бодисоор гал тогооны хэрэгслээ угааж цэвэрлэж байгаа бол. Хүнс үйлдвэрлэлийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, сав, хайруулын тавагтай юу. Эдгээрийг хэн шалгаж, нягтлаж байгаа нь тодорхойгүй юм билээ. Тиймээс гудамжинд хоол хийж зарах нь түгээмэл болох тусам хүүхэд, залуусын дунд хеликобактерын өвчлөл нэмэгдэх, улмаар хоол боловсруулах эрхтэн, ходоодны хүнд өвчин үүсэх нөхцөл болно. Би лав хүүхдүүдээ гудамжны хоол битгий идээрэй гэж зөвлөдөг” гэсэн юм.
С.Дулам