Үндэсний баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан олны сонирхлыг их татдаг. Тэд бөхчүүдийн ур чадвараа хэрхэн ахиулж, бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилалтаа хэр базааж, наадмын барилдаанд өнгөлж зодоглохыг нь шинждэг уламжлалтай. Эл барилдаанд сайн барилдсан хүчтэн зүлэг ногоон дэвжээнд олныг баясгаж, улсын цол хүртдэг нь цөөнгүй билээ.
Бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр болсон, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөх хүч сорив. Энэ удаа Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ-ын 427 дүгээр анги, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ.
Залуу бөхчүүдээс “Өсөх ирээдүйтэй бөх”ийн шагналыг сумын заан О.Учрахбаяр, аймгийн арслан Б.Баянсүх “Уран барилдаант”, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул “Үнэнч шударга барилдаант бөх”-ийн шагнал гардсан юм. Бөхийн барилдаануудад тогтмол оролцож, үзэгчдийг хүндлэн шударга барилдан, үеийнхээ залууст үлгэр дуурайлал үзүүлдэг Л.Энхсаруул 2024 оны наадмаар тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж өвдөг шороодуулснаар улсын начин цол хүртсэн бол 2025 онд улсын харцага Б.Цэдэнсодномоор тав давж, өсөх идэр чимэг нэмсэн билээ.
Сонирхуулахад, цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам 2026” аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 014 дүгээр анги, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож тэргүүлж “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртжээ. Бөхчүүд дараагийн барилдаанаа Хүй долоон худагт энэ сарын 27-28-нд болох “Хүрээ цам даншиг наадам-2026”-гаар үргэлжлүүлэх нь.