
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн дөрөв хоногт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 206 улсын ахлах байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 4251, хүнсний үйлдвэрийн найм, 93 эмийн сан, бусад 12, нийт 4359 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Энэ сарын 10-13-ны хооронд хийсэн эл шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 456 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Мөн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлжүүлэх дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажилладаггүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчлийг 238 аж ахуй нэгж үүсгээд байжээ.
Хяналт, шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан долоон (ТҮЦ, Барилгын материалын дэлгүүр, дугуй засвар зэрэг) иргэний үйл ажиллагааг зогсоосон байна. Дээрх үүссэн зөрчлийг арилгуулахаар таван албан байгууллагад шаардлага хүргүүлж, хоёр хуулийн этгээд, таван иргэнд торгуулийн арга хэмжээ авч, дөрвөн аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хадгалах хугацаа нь дууссан дөрвөн нэр төрлийн 46 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан гэнэ.