
Манай улсын Шинжлэх ухааны академи (ШУА)-г үүсгэн байгуулсны 100 жилийн ой энэ онд тохиож буй. 100 жилийн хугацаанд эрдэмтэн, судлаачид дэлхийд үнэлэгдэхүйц эрдэм шинжилгээний багагүй бүтээл туурвисан. Гэвч тэдгээр эрдэмтний тооцоо, судалгаатай, баталгаажсан эрдэм шинжилгээний ажлыг уншин амьдрал дээр хэрэгжүүлж, нэвтрүүлдэг дарга Монголд алга. Тиймдээ сүүлийн жилүүдэд ШУА-ын зарим салбар тэг зогссон. Үүнд цар тахал ч нэрмээс болж буй. Уг олигтойхон төр засагтайхан бол цар тахлын энэ л үед эрдэмтдээ сонсож, зөвлөмжийг нь дагах байлаа. Ер нь энэхүү цар тахлын өмнө дэлхий нийтээрээ сөхөрч буй. Манайхаас ялгаатай нь олон улсад эрдэмтдээ сонсож, тэдний хэлснээр шийдвэрээ гаргацгааж байна. Тэр ч онож буй. Харин манайд коронавирусийн халдвар дэгдээгүй байхад л хилээ хааж, сүр дуулиан болсон. Үр дүнд нь ШУА-ийн Археологи, Биологийн хүрээлэнгийн хээрийн судалгааны ажил дээр хэлсэнчлэн 0 зогссон. Шинжлэх ухааны өөр салбарууд зогссонги байдалд орсон. Угаас манай улсын шинжлэх ухаанд зарцуулдаг төсөв, хөрөнгө нь судалгааны ажил битгий хэл ажилчдын цалин, хэрэглээний зардалд ч хүрдэггүй гэх юм билээ. Тиймээс Монголын судлаачид олон улсын төслүүдтэй хамтарч, эрдэм шинжилгээний ажлаа хийсээр ирсэн. Цар тахлын эл үед эрдэмтдээ бүр гаргуунд гаргаж, судалгаа шинжилгээний ажилд нь “тээг” болж байх шиг.

Үр дүнгүй “нэг хаалга нэг шинжилгээ” аян
Эл байдлаас шинжлэх ухаанаа умартсан төртэй гэдэг нь тодорхой байна. Наад зах нь коронавирусийн халдварын үед хэрэгжүүлж ажил, гаргаж буй шийдвэрүүд нь үүнийг нотлох болов уу. Төр, засгийн удирдлага халдварыг дотооддоо алдаагүй байхдаа л коронавирусгүй орон болно хэмээн хатуу хөл хорьж попорсон. Гэтэл 6-7 сарын дараа коронавирусийг дотоодод алдах үед тэд ямар ч бэлтгэлгүй, тооцоо, судалгаагүй, сэтгэл хөөрлөөр, улс төрийн шийдвэр гаргаж байсныг ар араасаа хөвөрсөн урагшгүй үйл ажиллагаанууд нь илтгэнэ. Ард түмэн ч гэрчлээд өгнө. Өөрөөр хэлбэл ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр гаргасан гор нь иргэдэд хүндээр туссан. Тийм атал ахин дахин хөл хорио тогтоож, иргэдийг ихээр бухимдуулсан. Арга ядсан иргэд УИХ, УОК-д хандаж “амьдралд нийцэхгүй шийдвэрийн улмаас хямарч буйгаа” ч илэрхийлсэн. Мөн Цагаан сарын баярын үеэр хөл хорихдоо “Нэг хаалга нэг шинжилгээ” аяныг өрнүүлж, тархалтыг хумина гэсэн. Тухайн үед Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “эл шийдвэр нь буруу, ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж анхааруулсан. Гэсэн ч салбарынхаа сайдын үгийг үл тоон өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авсан. Нээрээ л албаныхан дээрх аяныг хэрэгжүүлээд халдварын голомтыг хумьж чадаагүй. Эмнэлэг, цагдаа, онцгой гэх мэт төрийн албаны хэдийгээ морь, нохой мэт зүтгүүлж, туйлдаж ядраагаад л өнгөрсөн.

Эрдэмтдээ сонсоогүй гаргасан үр дүнгүй шийдвэр
Энэ сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохдоо иргэдээ дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ хэмээн албаныхан тайлбарласан. Харин шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсний маргаашаас зөвхөн 60-с дээш насныхныг дархлаажуулалтад хамруулахаар болсноо хэлсэн. Үндсэндээ дээрх хөл хориог ямар үр дүнд хүрэх гэж тогтоосныг иргэд ойлголгүй өнгөрсөн. Одоо ч гайхаш бараад сууж байна. Юуны тулд цагдаагийн алба хаагчид найман цаг гадаа зогсож, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь тодорхойгүй мэт. Харин ч улсын эдийн засаг, эрүүл мэнд “өвдгөөрөө мөлхөж” эхэллээ. ОХУ, БНХАУ зэрэг олон сая хүн амтай улс орнууд гэнэтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч, вакцин гаргаад, импортлож эхэлсэн. Манайх шиг эргэлзээтэй шийдвэр гаргаж, үр дүнгүй хөл хорио олон удаа тогтоосонгүй. Эмч, цагдаагийнхны эрүүл мэндийг ч гаргуунд гаргалгүй, иргэд нь энх, амгалан аж төрж байна. Жилийн хугацаанд 4 удаа хөл хорио тогтоосон манайх шиг улс хаана ч алга. Энэ хугацаанд Монголд коронавирусийн улмаас 29 хүн нас барсан бол амиа хорлолт, хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо хэдэн зуу давсан. Хаана байна вэ, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, судалгаа.
Халдварын тархалтыг бүрэн хумих боломжгүй
Ард иргэд өвлийн хүйтэнд түлэх түлшгүй, өдрийн хоолгүй болтлоо туйлдаж, өмнөх 3 удаагийн хөл хориог шүд зуун давсан. Бид бусад улс орны жишгээр шинжлэх ухаанаа дээдэлдэг байсан бол өнөөгийнх шиг хүнд нөхцөлд орохгүй байсан. ХӨСҮТ-ийн шинжээч Э.Тэмүүлэн “Бид доод тал нь 28 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Учир нь хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо 7 хоногийн дараа гэхэд өдөрт 1000, 14 хоногийн дараа өдөрт 2000 давна гэх тооцоо гарсныг танилцуулсан. Гэсэн ч эрх баригчид 14 хоног хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд халдвар тархах эрсдлээс бага зэрэг сэргийлж чадна. Тархалтыг бүрэн хумьж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Хөл хорио бол эрүүл мэндийн салбараа унагаахгүй байх эрсдлээс сэргийлж буй арга” гэж ярьсан. Харин ЭМЯ-аас “Нас барах иргэдийн тоог бууруулах, тандалт хийж, халдварыг багасгахын тулд хөд хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Сангийн яам мөнгөө баталж, Гадаад харилцааны яам вакцины тунг хэр хурдан оруулж ирэхээс шалтгаалж бид иргэдээ дархлаажуулалтад хамруулна. Хэрвээ хөл хориогүй бол илүү олон хүн нас барах байсан” гэж мэдээллээ. Үүнээс үзвэл Засгийн газар эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарынхны саналыг бүрэн хүлээж авдаггүй, мөн тэдний ажлын гүйцэтгэл төр хэр хурдан шийдвэр гаргаж, ажиллахаас бүрэн хамаарч буйг харж болно. Товчхондоо, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж байж, эрсдлээс сэргийлнэ гэдгийг улстөрчид эрх биш мэдмээр юм. Шинжлэх ухаанаа умартсан төрийн шийдвэр салхинд хийссэн хамхуул шиг үр дүнгүй болж өнгөрөх нь.