
БНСУ-ын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сарын 13-аас гэрээний хугацаа нь дууссан иргэдийн визийг нэг жилээр сунгах шийдвэр гаргасан билээ. Эл шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах хөдөлмөрийн гэрээт иргэддээ хандан мэдээлэл хийжээ.
Тэрбээр “Эл шийдвэрт энэ оны дөрөвдүгээр сарын 13-аас арванхоёрдугаар сарын 31-ны хооронд гэрээний хугацаа нь дууссан E-9, H-2 визтэй иргэдийн оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгана. Эл сунгалтад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу гурав болон дөрвөн жил 10 сарын хугацаа нь дууссан гэрээт ажилчид хамрагдана. Үүнд:
- E-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын хувьд оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 50 хоногоор автоматаар сунгасантай адилаар хугацаа дуусвал нэг жилээр сунгаж байгаа.
- Айлчлан ажиллах виз H-2-ын хувьд хөдөлмөрийн хэлтсээс тусгай заалтын ангилалд хамрагдах тухай бичгийг үндэслэн нэг жилийн сунгалт хийгдээ байна.
- Тогтвортой нөхцөлөөр дахин ирж ажиллаад дөрвөн жил 10 сарын гэрээний хугацаа нь дууссан иргэд хамрагдана.
- Харин энэхүү сунгалтад гэрээний хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс өмнө дууссан, цар тахлын улмаас хилийн нутаг буцаж чадалгүй оршин суух хугацааны түр сунгалт хийлгэн, хил нээгдэхийг хүлээж буй иргэд хамрагдахгүй гэж заасан.
Виз автоматаар сунгагдах учир www.hikorea.go.kr вэб хуудасны 체류만료일조회 цэс рүү орж гадаад паспортын дугаар, төрсөн он сар өдөр гэсэн мэдээллээ оруулж улсынхаа нэрийг сонгоод виз сунгагдсан, эсэхээ шалгах боломжтой. Одоогоор манай улсын 849 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаагаа нэг жилээр сунгах боломжтой байна” гэв.