
НҮБ-ийн Хүн амын сангаас гаргасан тайланд БНСУ-д шинээр мэндэлж буй хүүхдийн тоо буурч, дэлхийн 198 орноос хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн болохыг дурджээ. Өнгөрсөн онд тус улсад нас барсан хүний тоо шинээр мэндэлсэн хүүхдийнхээс 32 мянгаар илүү байсан гэнэ. Тодруулбал, 272.400 хүүхэд мэндэлж, 305.100 хүн нас барсан бөгөөд төрөлт өмнөх оныхоос 10 хувиар буурсан үзүүлэлт аж.
Солонгосын нийт хүн амын 12.3 хувийг 14-өөс доош насныхан эзэлдэг ба энэ нь маш доогуур үзүүлэлт хэмээн дээрх тайланд дурдсан байна. Учир нь дэлхийн ихэнх улсад 14-өөс доош насны хүүхдийн эзлэх дундаж хувь нь 25.3 байдаг аж.
Харин 65-аас дээш настны эзлэх хувь 16.6 хувьтай болсон ба өнгөрсөн жилийхээс 0.8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Эдгээр баримтаас БНСУ-д төрөлт буурч, нас баралт нэмэгдэн, хүн ам нь нийтээрээ хөгширч буйг харах боломжтой. Ингэснээр солонгос улс хүн амынхаа насжилтын түвшингээр дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж, иргэдийнхээ дундаж наслалтаар японы араас удаалж байна.
Ташрамд дурдахад, солонгос эмэгтэйн дундаж наслалт 86, эрэгтэйнх нь 80 гэнэ.
Эх сурвалж: Blog.naver.com