
БНСУ-ын “Намьян” брэнд нь өөрсдийн худалдаанд гаргадаг “Фүлгарис” хэмээх сүүн бүтээгдэхүүнийг коронавирусээс 77.8 хувь хамгаалах чадвартай хэмээн энэ сарын 13-нд нийтэд мэдээлжээ. Эл мэдээлэл цацагдсаны дараа тус улсын Засгийн газраас дээрх сүүн бүтээгдэхүүнийг шинжлүүлэхэд коронавирусийг эсэргүүцэх ямар ч нөлөөгүй болох нь тогтоогдсон гэнэ.
“Намьян” брэндийн хүнсний болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг бага насны хүүхдүүд ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд ийнхүү худал мэдээлэл хийж, борлуулалтаа нэмэгдүүлэх болсонд иргэд дургүйцэн, бараанаас нь татгалзахыг уриалаад буй. Энэхүү уриалга нь улам газар авч дээрх брэндийг бойкотлох хөдөлгөөнийг эхлүүлэхэд хүрчээ.
Тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас “Намьян” брэндийг Хүнсний бүтээгдэхүүний шошго, зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн хэмээн үзэн, Сэжүн хот дахь таргийн үйлдвэрийг нь хоёр сарын турш хаах арга хэмжээ авсан байна. Эл үйлдвэр нь тус брэндийн нийт бараа, бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэдэг аж.
Эх сурвалж: Naver.com