
Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн Булнаа гэх газраас энэ сарын 18-нд малдаа явахаар гарсан 15 настай Ц сураггүй алга болжээ. Тэрбээр өнгөрсөн ням гаргийн 08.00 цагт малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 19-ны 16.10 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Улмаар Төв аймгийн Цагдаагийн болон Эрдэнэ сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран өчигдөр 08.20 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Аврах ажиллагааг Хүрэн булгийн ам, Цохиот гэх газрын 10 километр газарт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир 20.20 цагт түр зогсоожээ. Харин өнөө өглөө 07.00 цагт дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.