
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац “Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ”-г хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон талаар өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд мэдээлсэн билээ. Улмаар компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас өчигдөр мэдээлсэн юм.
Засгийн газар болон Мянганы сорилтын корпорац нь Усны компакт гэрээнд 2018 оны долдугаар сарын 27-нд гарын үсэг зурсан. Улмаар компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах, ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор өнгөрсөн сараас гэрээг илүү эрчимжүүлжээ. Мөн Монголд анх удаа усыг гүн цэвэршүүлэх, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах аж. Холбогдох ажлуудын хамтаар эл хоёр үйлдвэрийг барьснаар 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх тооцоолол гарчээ.