
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 206 улсын байцаагч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны 10.471 дэлгүүр, хүнсний 27 үйлдвэр, 506 эмийн сан, бусад 83 аж ахуйн нэгжид энэ сарын 10-20-нд хяналт, шалгалт тавьж ажиллажээ.
Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 1.114 зөрчлийг илрүүлсэн байна. Үүний 568 буюу 50.9 хувийг үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд хамруулаагүй, дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил эзэлжээ. Мөн хяналт, шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 27 иргэний үйл ажиллагааг зогсоосон гэнэ. Үүнээс гадна 8.050 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.