
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын 343 дугаар тогтоолыг мөрдлөг болгон өнгөрсөн онд хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан билээ. 2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25, тэмээнийхийг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгосон гэнэ.
Эл ажилд оролцохоор баримт олгосон 89 үйлдвэрээс 83 нь 23.7 мянган тн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэл явуулсан аж. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22.7 мянган тн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тн тэмээний ноос бэлтгэжээ. Үндэсний үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 22.7 мянган тн хонины ноос бэлтгэн авсан нь Монгол Улсаас бэлтгэх боломжтой ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тн тэмээний ноос бэлтгэн авсан нь 47.4 хувийг тус тус эзэлж байгаа аж.
Тэгвэл хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тн ноос тушаасан 90.064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна.
.