
Сэлэнгэ мөрнийг гаталж явсан завь осолдон, зорчиж явсан 10 хүний долоо нь амиа алдсан харамсалтай хэрэг уржигдар болсон билээ. Тэгвэл гол, усанд осолдсон хэрэгт дахин давтагджээ. Тухайлбал, Багануур дүүргийн нутагт орших Хэрлэн голд автомашин живсэн тухай дуудлагыг өчигдөр 11.40 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 12.11 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Г-гийн жолоодож явсан “Ниссан сапари” загварын суудлын автомашин живсэн байжээ. Шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр бүхээг дээр нь байсан иргэн 31, 41, 42 настай иргэнийг аварч, машиныг нь татан гаргасан гэнэ.
Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Их мойлт гэх газар иргэн Б мотоциклтой явж байгаад Цээл нууранд унаж, осолдсон тухай дуудлагыг өнөө өглөө 05.40 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь 29 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Тэрбээр осолдох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.