
Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгож, олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг хөгжүүлэхээр болсон билээ. Ингэснээр эдийн засгийн чөлөөт бүс, уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлнэ хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Дээрх тогтолцоог бүрдүүлэхийн тулд УИХ-аас өнгөрсөн оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийд "Шинэ Зуунмод", “Майдар” хотуудыг байгуулах шийдвэр гаргасан юм.
Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ Зуунмод”, “Зуунмод”, “Майдар”, Сэргэлэн сумын төв гэсэн суурьшлын дөрвөн төвийг хот байгуулалтын болон зам тээврийн дэд бүтцийн нэгдсэн төлөвтэйгээр хөгжүүлэх гэнэ. Ингэснээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд 2040 он гэхэд Зүүн хойд Азийн зам тээврийн томоохон зангилаа төв бий болно хэмээн үзэж буй.
Мөн 140 мянган хүн амтай, эдийн засгийн өсөлттэй бүс нутаг, түүнийг дагасан Аэротрополис хот бий болох аж. Улмаар “Богд хан” төмөр зам, чөлөөт бүс, 20 000 айлын орон сууц барьж, нийт 60-70 мянган шинэ ажлын байр бий болгож, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэн, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломж бүрдэнэ хэмээн дээрх яамнаас мэдээллээ.