
Дэлхийн банкнаас зохион байгуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн Сайд нарын дугуй ширээний дээд хэмжээний цахим уулзалт “Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдал-Хүнсний систем 2030” сэдвийн хүрээнд өнөөдөр боллоо.
Уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн сайд нар, Дэлхийн банкны удирдлага, Мари Пангестү, Викториа Кваква, Юрген Фөгэлэ, АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг) болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Эл уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд цар тахлын үзүүлж буй нөлөөллийн тухай мэдээлэл өгч, урт хугацааны сорилтыг даван туулах, хөдөө аж ахуй-хүнсний системийг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээ, шинэчлэлтийн тухай танилцуулж, харилцан санал солилцлоо.
Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан шинээр 100 сая ам.долларын төсөвтэй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” цогц төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.