
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар замын хөдөлгөөний зохицуулалт, түр журмын талаар танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог тавдугаар сарын 8 хүртэл сунгасантай холбогдуулан эл мэдээллийг хийсэн юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр УОК төлөвлөж байгаа. Тиймээс маргаашаас эхлэн түр журмыг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын ажилчид тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо QR кодоор зорчино. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм. Мөн төрийн захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногоос тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлана. Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайд болон нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор хөдөлгөөнд оролцуулна. Энэ журмыг өнөөдөр 18.00 цагт УОК-т танилцуулна. Ажиллах шаардлагатай байгууллагуудад системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR кодыг нь шууд олгоно. Эдгээр байгууллагууд авто машиныхаа дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц шинэ QR код олгогдох юм.
Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үед бүх хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдээс ирж байгаа дуудлага мэдээлэлд түргэн шуурхай үйлчилнэ. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага ажиллана. Энэ бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цагдаагийн байгууллага, ШШГЕГ, ХХЕГ гэх мэт байгууллагын албан хаагчдад зөвшөөрөл олгоно. Хүнсний түгээлттэй холбоотой хамгийн их зөвшөөрөл хүсдэг. Жижиг хүнсний дэлгүүрүүдэд нэг, том дэлгүүрүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгоно.
Мөн Smartcar.mn рүү орж хүсэлтээ явуулснаар QR код баталгаажна. Эл кодыг хоёр төрлөөр ашиглана. Нэгд, Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох, хоёрт, хөдөө орон нутаг руу явахад нэг удаа ашиглана. Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд өглөө 07.00-09.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явна. Тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно. QR кодыг хэн нэгэн бусдад дамжуулсан тохиолдолд шууд хүчингүй болгоно. Мөн QR кодоор зорчиж байгаа хүмүүс ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг биедээ авч явна. Ганцхан QR кодтой хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн үг. Өдөрт дунджаар 110 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байгаа учир УОК-оос энэ хөдөлгөөнийг илүү бага болгох чиглэл барьж ажиллаж байна.Тиймээс QR кодыг 45 мянга гаруй тээврийн хэрэгсэлд олгоно" гэлээ.