
БНСУ дахь "Монгол эмэгтэйчүүдийн холбоо"-ны санаачилгаар хилийн чандад эрдмийн зэрэг хамгаалсан бүсгүйчүүд эрдэм шинжилгээний ажлын тайлангаа Монголын их, дээд сургуулийн оюутнуудад хандивлах аяныг эхлүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор "Сурснаа хуваалцацгаая" эрдмийн ажлаа хандивлах аяныг энэ сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулахаар болсон гэнэ.
Энэхүү аяны хүрээнд БНСУ-д их, дээд сургууль төгссөн оюутнууд эрдмийн ажлаа нэгтгэж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлан, "Гадаадад төгсөгчдийн судалгааны ажлын бүтээлийн сан"-г үүсгэхээр зорьж буй аж. Ингэснээр оюутан, судлаачдад шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадвараа ахиулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн дээрх төрийн бус байгууллагынхан үзэж буй.