
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулсан билээ. Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр (2021.05.05/) Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, АН-аас хоёр нэр дэвшигч тодорсон. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсон.
Ингээд өнөөдөр СЕХ-нд нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Тэгвэл СЕХ АН-ын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзлаа. СЕХ зөвхөн нэг материалыг хүлээн авах бөгөөд тус намд дотоод асуудлаа шийдэх хугацаа өгч, хоёр талын төлөөллийг 18.00 цагаас хойш хүлээн авахаар болов.