
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг дахин 14 хоног хязгаарлахаар болсон билээ. Үүнд иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг хүүхдийн болон сагс, хөл бөмбөгийн тоглоомын талбай багтжээ. Дархлаагаа дэмжих зорилгоор эдгээр газарт иргэд чөлөө цагаа өнгөрөөх нь элбэг бөгөөд хөл хорионы үед хэрхэн хяналт тавих талаар тодруулахад "Эдгээр газраар иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна. Оршин суугаа газрынх нь СӨХ, харьяа дүүрэг, хорооныхон болон олон нийтийн байгууллагынхан хяналт, шалгалт тавина" хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.