
Чөлөөт бөхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 килограммын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2 харьцаагаар ялж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрх авлаа. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, Монголын багийн 22 дахь эрх юм. Э.Бэхбаяр өнөөдөр алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана.