
Энэ сарын 10-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлэх болсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, автомашинаар хөдөлгөөн оролцохдоо тэгш, сондгойгоор зорчих журам зөвхөн амралтын хоёр өдөр үйлчилнэ гэсэн үг. Харин даваа гарагаас тээврийн хэрэгслийг энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамж гарч, үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон юм. Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөөдөр, маргааш буюу бямба, ням гарагт хэрэгжих бөгөөд ирэх даваа гарагаас хэвийн горимд шилжүүлж, 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон гэнэ.