
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Хуст-Арал гэх газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 13.12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10 километр замыг туулан 13.20 очиход иргэн С жолоодож явсан “Грейдер” загварын механизмаар ухрах үйлдэл хийхдээ “Хотгор зам” компанийн туслах ажилтан 24 настай, эрэгтэйг мөргөсөн байжээ. Онцгой байдлын алба хаагчдыг очиход техник хэрэгслийн төмөр хийцэд даруулсан иргэн нас барсан байсан тул цогцсыг гарган авсан гэнэ. Улмаар хохирогчийн цогцсыг дээрх аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгчээ.