
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 206 улсын байцаагч, албан хаагчид энэ сарын 08-10-нд хүнсний худалдааны 1289, бусад бараа бүтээгдэхүүний 108 худалдааны төв, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 87, үйлдвэрлэлийн зургаа, бусад 515, нийт 2005 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 157 зөрчлийг илрүүлж, 97 буюу 61.7 хувийг газар дээр нь арилгуулан, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгсөн гэнэ.

Мөн хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн зургаа, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй тав, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн нэг, нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах дөрвөн заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс гадна хадгалах хугацаа дууссан найман нэр төрлийн 124 ширхэг, 112.700 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулжээ.