
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 1.897.521 литр үнээний шингэн сүүг өнгөрсөн гуравдугаар сард бэлтгэн нийлүүлсэн 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшуулал олголоо. Тодруулбал, дээрх хүмүүст 948.760.500 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцож олгосон гэнэ.