
Монгол Улсын Шадар Сайдын ахлуулсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн батлахаар шийдвэрлэлээ. Үүнд:
- Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2020 оны тайлан;
- “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл;
- Үндэсний хэмжээнд мөрдөх Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээний төсөл;
- “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны өнгөрсөн оны тайлантай танилцаж, хангалтай сайн гэж дүгнэсэн бөгөөд “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг батлахаар дэмжлээ.
Тус хороо нь 2021 онд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, Газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах чиглэлээр нийт найман багц 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн гэнэ.
Мөн Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг хэлэлцэж, дараах байдлаар батлав. Үүнд:
1. Нийтийн хэрэгцээний байр зүйн зураг;
2. Газрын нэгж талбарын мэдээлэл;
3. Тээврийн сүлжээний мэдээлэл;
4. Хил зааг;
5. Геодезийн тулгуур сүлжээний мэдээлэл;
6. Барилга, суурин газрын мэдээлэл;
7. Ус зүйн мэдээлэл;
8. Хүн ам зүйн мэдээлэл;
9. Газрын бүрхэвчийн мэдээлэл;
10. Газар зүйн нэр;
11. Өндөржилт, гүний мэдээлэл;
12. Хаяг;
13. Геологийн мэдээлэл;
14. Ортозураг;
15. Түүх, соёл, археологийн өвийн мэдээлэл;
16. Дэд бүтцийн мэдээлэл;
17. Хөрсний мэдээлэл;
18. Газар ашиглалтын мэдээлэл багтав.
Дээрх Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг баталсантай холбоотойгоор Европын холбооны хэмжээнд мөрдөгдөж байгаа INSPIRE хөтөлбөр, ISO 19100 бүхий цуврал стандартуудын шаардлагад нийцүүлэн боловсруулсан Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартын төслийг яаралтай горимоор үндэсний хэмжээний стандарт болгон батлуулах ажлыг 45 хоногт багтаан зохион байгуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт хэмжил зүйн газарт үүрэг болгов.