
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Энхтайваны гүүрийг засварлахаар болж, хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн 10 хоногийн хугацаанд эл ажлыг гүйцэтгэсэн билээ. Харамсалтай нь, гүүрний засварын ажлыг дутуу хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, "мөнгө үрсэн ажил" гэх нэр зүүгээд буй. Тэгвэл засварын ажлын гүйцэтгэлд хэн, ямар албан тушаалтан, байгууллага хяналт тавьж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхжингээс тодруулахад "Манай байгууллага уг гүүрний засварын ажлын явцад хяналт тавихгүй. Төлөвлөгөөт хяналтын хуваарьт ороогүй учир бидэнд гэнэтийн шалгалт хийх эрх байхгүй. Дүрэмдээ тийм заалттай юм. Эл гүүрний засварын ажлын гүйцэтгэлд нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан хяналт тавих үүрэгтэй. Хэрэв иргэд Энхтайваны гүүрний засварын ажилтай холбоотой гомдол гаргавал манай байгууллага шалгаж болно" гэв.
Энхтайваны гүүрний засварын ажилд нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан хяналт тавьж буйг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас гадна Барилга, хот байгуулалтын яамныхан ч батлав. "Батлав" хэмээн онцгойлон анхааруулж буй нь учиртай. Тодруулбал, тус гүүрний засварын ажлыг хариуцаж буй нь нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан юм. Өөрөөр хэлбэл, хийсэн ажилдаа өөрсдөө дүн тавьж байна гэсэн үг.
Хэрэв иргэн гомдол гаргавал гүүрний засварын гүйцэтгэлийг шалгаж болно гэх мэдээллийн дагуу дээрх байгууллагад дуудлага өгсөн юм. Харамсалтай нь, иргэдийн гомдол, өргөдлийг шийдвэрлэх улсын байцаагчийг 1-3 хоногийн дотор томилж, шалгах үйл явц 20 гаруй хоног үргэлжилдэг гэв.