
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутаг хөгжүүлэх, дэд бүтэц сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтийг шинээр боловсруулах зэрэг асуудлаар хэлэлцэж, ажлын үйл явцтай танилцлаа. Өдгөө Дархан сум 109 мянга гаруй хүн амтай бөгөөд 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 онд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ. Эл төлөвлөгөөний хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд "Залуус хотхон", "IT парк", Их, дээд сургууль, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Энэ үеэр дээрх аймгийн удирдлагууд тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулбал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2.524 өрхийн 8.500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.
Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжид дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буй учир ийнхүү төсөвт тусгахаар болжээ. Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд барих “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар есөн давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, 2.1километрийн урт хатуу хучилттай авто зам, 700 авто машины зогсоол, 1.6 га ногоон байгууламж, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ.