
Азийн ШУ-ны зөвлөлийн 20 дахь их хурал “Шинэ материалын эрин үе: Тогтвортой нийгэмд зориулсан инноваци”сэдвээр энэ сарын 13-15-нд зохион байгуулагдаж байна. Тус их хурлыг өнөө жил Хятадын Шинжлэх ухаан технологийн хороо, Гуанжу хотноо цахим болон тэнхимийн хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Хурлын эхний өдөр удирдах зөвлөлийн хэсгийн цахим уулзалт болсон бөгөөд манай улсаас ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл зөвлөлийн гишүүний хувьд оролцож, чуулганаас гаргах тунхаг бичгийн төсөлд санал солилцсон аж. Эл их хурал нь дөрвөн салбар дундын хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд энэ үеэр шинэ материалын технологи, инноваци, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.
Азийн ШУ-ны зөвлөл нь Азийн улсуудын шинжлэх ухааны академиуд болон бусад орнуудын үндэсний шинжлэх ухааны байгууллагууд 2000 онд нэгдэж байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус байгууллага нь соёл, нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, технологи зэрэг бүх салбарын эрдэмтдэд Ази дахь шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, платформыг бий болгох, тогтвортой хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц алсын харааг боловсруулж, сурталчлах зорилготой юм.
Ташрамд дурдахад, тус зөвлөлийн 11 дэх их хурлыг 2011 онд Монгол улсын ШУА, Японы ШУ-ны зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотод “Ази дахь газрын доройтолтой тэмцэх нь” сэдвээр зохион байгуулж байжээ.