
Одоогоос 60 жилийн өмнө буюу 1961 оны тавдугаар сарын 16-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Шинжлэх Ухааны Академийг байгуулж байжээ. Уг зарлигт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, орлогч дарга Балжинням, гишүүн Ж. Бямбадорж, Ш. Дамдинсүрэн, С. Удвал, Д. Ядамсүрэн нар гарын үсэг зурсан байна.
ШУА-ын түүхээс дурдвал:
Ардын засгийн газрын 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн”-г байгуулсан бөгөөд энэ нь Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны төв байгууллага үүсэх үндэс болжээ. Хожим нь эл газар Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Шинжлэх ухааны академи болсон түүхтэй. Улмаар 1961 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн академийн анхны гишүүдээ сонгосноор, Монгол улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан төв байгууллага бий болсон юм. Ийнхүү монгол түмний оюун санааны мөрөөдөл болсон өөрийн үндэсний Шинжлэх ухааны Академиа байгуулсан нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд олсон томоохон амжилтын нэг болов.