
Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрийн байранд суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал алдаж, дөрвөн ажилтан түлэгдсэн осол гарчээ. Улмаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэстсийнхэнтэй хамтран, хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрийн байранд суурилуулсан 50 килограммын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос гал алдаж, дөрвөн ажилтан хүнд түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн болохыг тогтоожээ. Мөн хийн баллоны тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг шалгаж, аюулгүй байдлыг хангуулан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүлсэн байна.
Одоогоор цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хийн баллоны тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан "Дашваанжил" болон "Горгаз" компанийн холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авч байгаа аж. Мөн шалгалтын ажил үргэлжилж байна хэмээн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.