
Орон сууцын гадна байрлах эвдэрч, гэмтсэн, нэн даруй засаж, янзлах шаардлагатай болон буулгах, сэргээн засварлах хэрэгтэй тоглоомын талбайнуудыг эзэнтэй болгох үүргийн нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр эл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Одоогоор нийслэлд 1.100 гаруй тоглоомын талбай байна. Үүнээс стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байгаагийн 470 нь аюултай, нэн даруй засах шаардлагатай болжээ. Тоглоомын талбайг засах ажлыг эхлүүлсэн ч төсөв хүндрэлтэй байна. Ойролцоогоор 900 гаруй сая төгрөгөөр тоглоомын 340 талбайг засах боломжтой. Одоогоор Сүхбаатар дүүргийнхэн нөөц боломжоо ашиглан 53, Хан-Уулынхан таван тоглоомын талбайг зассан бол Сонгинохайрханых 10 сая төгрөгийг нөөцөөсөө гаргаж 31, Чингэлтэйнх найман тоглоомын талбайг засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь” гэв.
Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай гэнэ. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур хагарсан учраас засах боломжгүй, шинээр солих шаардлагатай байдаг талаар албаныхан дуулгаж, цаашид хүүхдийн төмөр, эсвэл модоор хийх шаардлагатай байгааг хэллээ. Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлсэн байна. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай байгаагаас 50 нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай болжээ. Одоогоор тус дүүргийнхэн 60 орчим сая төгрөгийг төсөвлөж, засварын ажлыг хийхээр болсон гэнэ.