
Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ойрын хугацаанд буюу 2021-2022 онд 98 километр явган хүний, 149 км дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа. Дунд хугацаанд хотын төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр уулзалт хийсэн. Мөн автомашины даатгал, хураамжийг бүсчилсэн байдлаар тогтоохоор судалж байна. Дагуул хотууд болон Богдхан төмөр замыг байгуулах ажил судалгааны түвшинд явагдсан" гэв. Мөн "Багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлын хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэгний байгууламж, бүтцийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ярьж байна. Монгол Улсын хэмжээнд босоо болон хэвтээ тэнхлэгт олон улсын шаардлагад нийцсэн хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломж бий.
Тодруулбал, газар доогуур 6.9 км, газар дээрээ буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих тооцоог хийнэ. Босоо тэнхлэгийг Буянт Ухаа-7 буудал чиглэлд явуулахаар тооцсон.
LRT галт тэргийг нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хөнгөн галт тэргийг нэвтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломж бий. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна" гэв.