
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших Хоохойн-Ам гэх газар орчмын Туул голд таван настай хүүхэд осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Болсон явдлыг сийрүүлбэл, голын эрэг орчимд амарч байсан гурван хүн бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн даваа гарагийн 17.47 цагт ирүүлсэн гэнэ. Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28, Аврах 105 дугаар ангийн алба хаагчид өчигдөр 06.00 цагаас Налайх дүүргийн нэгдүгээр хорооны харьяат, таван настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Голын усанд осолдсоноос хойш хоёр хоногийн дараа буюу өчигдөр оройн 18.45 цагт Бөөгийн -Урц гэдэг газар орчмын усны мандалд, цогцос нь модонд тээглэж тогтсон байдалтай олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.