
Төв аймгийн Мөнгөнморьт сумын зүүн Байдлагын-Адаг гэх газар орчмын Байдлаг голд хүн осолдсон тухай дуудлагыг өнгөрсөн ням гарагийн 18.40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 километр замыг туулан 19.28 цагт очиход голын эрэг орчимд автомашиндаа согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн усанд эндсэн байсан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагийн 17.00 цагийн үед дээрх голын эрэг орчимд дөрвөн иргэн тээврийн хэрэгсэлдээ согтууруулах ундаа хэрэглэж, улмаар нэг нь усанд осолдсон аж.
Онцгой байдлын газрынхан эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, ням гарагийн 20.28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, 62 настай иргэн С-ын цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайнаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.