
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Сэлбэ дэд төвд ажиллав. Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороонд хамаарах хотын чухал бүтээн байгуулалттай хэсгийн нэг юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ерөнхий сайдад дээрхтэй ижил 10 дэд төв байгуулахаар тооцож буйгаа танилцууллаа. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастайд дэд төв шинээр байгуулж, хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг цогцлоон, барилга, байгууламж барихаар төлөвлөсөн гэнэ. Мөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам, сүлжээг ч шийдвэрлэнэ хэмээв. Д.Сумъяабазар дээрх газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орох боломжтой талаар ч дурдсан юм.
Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төслийг хэрэгжүүлж буй. Эл төслийн эхний шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянгаар үргэлжлэн, Толгой, Шархадаар өндөрлөх юм байна. Өдгөө Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг, төсөл нь бүрэн баталгаажиж, энэ онд тендер зарлахаар болсон аж.
Хэрэв дээрх дэд төвүүдийг байгуулах ажил батлагдвал 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих гэнэ.