
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богдхан уулын Баруун ширээт, Дугуй цагаан чиглэлийн тохижилтын ажлыг төр, хувийн хэвшлийн хамтран хийхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 18-ны А/370 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах асуудлыг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн, нийслэлийн Байгаль орчны болон аялал жуулчлалын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, “Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон юм.
Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулахаар, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа аж. Тэгвэл эл тохижилтын ажлыг “Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллагынхан хамтран гүйцэтгэхээр болжээ. Тэд нийт таван га газарт тохижилт хийхээр төлөвлөж, иргэдийн амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэрэг 19 төрлийн ажлыг гүйцэтгэх саналаа танилцуулсан юм. тус байгууллага нь хоёр га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд маргааш буюу тавдугаар сарын 26-нд 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарих ажилд нэгдэхээр болжээ.