
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 21-31-нд зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд аваргаа тодруулах бөгөөд 17 орны 150 тамирчин оролцож байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын өмнөх гол сорилго эл тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй таван тамирчин ур чадвараа сорин өрсөлдөнө. Тэднийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхбаяр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар удирдаж буй.

Нийт 400 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний аварга 10.000, мөнгөн медаль 5.000, хүрэл нь 2500 ам.долларын шагнал хүртэх аж. Тэгвэл урд шөнө Азийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж, Шри Ланкагийн тамирчныг ялсан О.Өнөболд -49 килограммын жинд хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр тэмцээний чансааг тэргүүлэгч Кыргыстаны Мирлан Туркбай Уулуг 3:2 харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарсан байна. Мөн -56 кг-д Х.Энх-Амар Афганистаны боксчинг 4:1-ээр, -64 кг-д Б.Чинзориг Казахстаны Закир Сафиуллинг 4:1-ээр ялж, шилдэг дөрөвт үлдсэн бол -91 кг-д С.Эрдэнэбаяр Кыргызстаны тамирчинд ялагджээ. Харин эмэгтэйчүүдийн -51 кг-ын жинд Л.Алтанцэцэг Тажикстаны тамирчныг илт давуу ялсан бол О.Есүгэн Энэтхэгийн бөхөд 1:4-өөр, М.Намуун Казахстаны тамирчинд 2:3-аар ялагджээ. Ингэснээр манай улсын дөрвөн тамирчин медалийн болзол хангаад байгаа юм.