
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 197 мянган га талбайд үр, тариа тариалжээ. Үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 216 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээнд тариалалт 50.8 хувьтай үргэлжилж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Эдгээрээс улаанбуудайн тариалалт 52, төмснийх 40, хүнсний ногооных 23, малын тэжээл 2.3, тосны ургамал 14 хувьтай байгаа гэнэ. Мөн хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих санд хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тн улаанбуудайн үрийг 20-30, 246 тонн шатахууныг 50, 20.5 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа аж.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176 тн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, үнийг нь 80 хувиар хөнгөлж, тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.