
Агаарын хилээ зургаан сарын 1-нээс нээх, эсэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Манай улс агаарын хилээ зургаадугаар сарын 1-нээс нээнэ. Үүний хүрээнд тодорхой шийдвэр, тогтоол журмуудыг Засгийн газрын хуралдаанаар зургаадугаар сарын 1-нээс өмнө танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгч байсан.
Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн эх орондоо ирээд вакцинд хамрагдах боломжтой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгч зургаадугаар сарын нэгнээс өмнө тодорхой шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оролцуулах юм. Харин гадаад улсын иргэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон байх шаардлагыг манай улсаас тавьж байгаа” гэв.